Баярын ширээний чимэглэл болон амттаны ээлжит салат болох Бяслагтай, Тунатай салат буюу Мимозаг та бүхэндээ хүргэж байна. Хэрхэн яаж хийх вэ? Маш амархан эндээс сураарай.
Орц:
- Төмс /чанасан/ – 3-4 ширхэг
- Туна загас – 340гр буюу 2 лааз
- Бөөрөнхий сонгино – 2 ширхэг
- Өндөг /чанасан/ – 6 ширхэг
- Лууван /чанасан/ -3-4 ширхэг
- Хатуу бяслаг – 350гр
- Майонез, давс, хар перец
- Элсэн чихэр – 1 хоолны халбага
- Алимны цуу – 2 хоолны халбага
- Буцалсан халуун ус – 100мл
Чимэглэлт: өндөгний шар /чанасан/ , ногоон гоньд
Бэлтгэх ажил:
Өндөг, лууван, төмсөө чанаж бэлдэнэ. Сонгиноо маш жижиг хэрчээд давс, элсэн чихэр, алимны цуу болон буцалсан усаа хийнэ. Сайтар хольж, 15 минут байлгана. Чанасан төмс, луувангаа том ширхэгтэй үрэгчээр үрж бэлдэнэ. Мөн бяслагыг нарийн үрэгчээр үрнэ. Чанасан өндөгөө шар, цагаанаар нь ялгаж, тус тусад нь үрж бэлтгэнэ. Лаазалсан тунаг тос болон шингэнээс нь салгаж аваад сэрээгээр салгана. Одоо салатаа нэгтгэхийн тулд 20 см-ийн диаметртэй зориулалтын цагариг хэрэгтэй болно. Мөн салатны том таваг бэлдэх хэрэгтэй.
- 1-р давхарга – Төмс дэвсэж, халбагаар тэгшилж, давс, хар перец цацаад майонез түрхэнэ.
- 2-р давхарга – Туна загас тавиад майонезаа жигд түрхэнэ.
- 3-р давхарга – Амталсан сонгиноо шүүснээс нь сайтар шүүж аваад тавьж, майонезаа түрхэнэ.
- 4-р давхарга – Чанасан луувангаа тавьж, давс, хар перец цацаж, майонезаа түрхээд халбагаар сайн дарж өгнө.
- 5-р давхарга – Хатуу бяслагаа тавьж өгнө. Мөн адил , майонезаа түрхээд халбагаар сайн дарж өгнө.
- 6-р давхарга – Өндөгний шарын талыг нь тавиад, давс, хар перец цацаж, майонезаа түрхээд халбагаар сайн дарж өгнө.
- 7-р давхарга – Өндөгний цагаан тавиад, давс, хар перец цацаж, майонезаа түрхээд халбагаар сайн дарж өгнө.
- 8-р давхарга – Үлдсэн өндөгний шар болон ногоон гоньдоор өөрсдийн үзэмжээрээ чимэглэж өгнө.
Бэлэн болсон салатаа хүнсний гялгар уутаар таглаж, хөргөгчинд 2-3 цаг байлгана.