Голланд залуу Rowan Hartsuiker, монгол бүсгүй М.Сарантунгалаг нар 2011 онд танилцсан. Гэрлэх ёслолоо 2014 онд Монголд хийсэн. Харин одоо тэд Нидерландын Breezand тосгонд “Алтай юрт” монгол зочны гэрийг ажиллуулж монгол үндэсний хоолоор зочдоо дайлдаг.
Нөхөр Rowan Hartsuiker график болон вэб дизайнер мэргэжилтэй. Тэр монгол үндэсний урлагт маш сонирхолтой. Тэр алтай ятга тоглож, хөөмий, ерөөл магтаал, монгол ардын богино дууг дуулж хэдийнээ олонд танигдсан. Түүний шинэ оноор нийтэлсэн “Jingle bells”, гэргийтэйгээ хамтран дуулсан “Улаан бууртай тэмээ” монголчуудын анхаарлыг маш ихээр татсан.
Баруун Европын хойд хэсэгт Breezand гэх энэ тосгонд олон орны хүмүүс монгол гэрт гал түлж, монгол хөгжим сонсож, монгол хоол, боорцог, гамбир идэж монгол түүх соёлтой танилцаж байна. Бид Rowan Hartsuiker-тай ярилцлаа.
-Та монгол нутагтай холбоотой амьдралын түүхээ хэзээ хэрхэн эхэлсэн бэ?
-Би 16 настайгаасаа Шотланд улсын Үндэсний хөгжим Bagpipes тоглож эхэлсэн.Тэр үедээ Нидерландын төмөр хуур хийдэг урлаачтай танилцахад надад Тува хөөмийн цомог сонсгосон юм. Тэр хөг эгшиг надад ер бусын онцгой санагдаж, тэр цагаас эхлэн Алтай, Тува, Монгол хөөмий сонирхож эхэлсэн. Энэ дундаас монгол хөөмий, морин хуурыг илүү сонирхож, Европт уран бүтээл туурвин ажиллаж, амьдардаг монгол хамтлагуудын тоглолтыг үзэж өөрөө бие даан хичээллэж эхэлсэн. Үүнээс гурван жилийн дараа 18 настайдаа Монголд очиж урлаг соёлтой нь танилцах боломж тохиосон. Германд амьдардаг хөөмийч Д.Хосбаяр багш маань “Хосоо & TransMongolia” хамтлагтай, мөн жил бүр хэсэг жуулчдыг монголд урьж, аялал хийдэг, хөөмий workshop явуулж, Монголын соёлыг хүмүүст танилцуулдаг байсан. Би Д.Хосбаяр багшийнхаа тусламжтайгаар монголд очиж, хөөмийн өлгий нутаг Ховд аймгийн Чандмань суманд очиж хөөмий болон монгол ахуйтай илүү дотно танилцахаар зургаан сар амьдарсан. Энэ аялал бол миний бүх амжилтын анхны алхам байсан.
-Монгол танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Монголын өвлийг анх удаа үзсэн. Энэ маш гоё байсан. Бас цагаан сарыг хөдөө өнгөрүүлсэн. Надад маш их таалагдсан зүйл бол сумын төвын залуустай цагийг өнгөрөөх юм. Тэдэнтэй сагсан бөмбөг тоглох үнэхээр их хөгжилтэй байсан.
-Та монгол оронд ирэх үеэрээ гэргийтэйгээ танилцаж байв уу?
-Үгүй ээ. 2010 онд би Монголд аялж ирээд нутгийнхаа өдөр тутмын сонинд Монгол орон болон өөрийнхөө аяллын талаар ярилцлага өгсөн. Тэр сониноос ирээдүйн эхнэр маань миний ярилцлагыг олж уншаад маш их сонирхож бас гайхаж надтай холбогдож байсан. Яагаад гэвэл тэр үед Нидерландад Монголын тухай ойлголт маш ховор байсан юм. Түүнээс хойш бид хоёрын нөхөрлөл эхэлж одоог хүртэл бид биедээ улам их татагдаж аз жаргалтай амьдарч байна. Эхнэр маань 2002 оноос хойш Нидерландад амьдарч байгаа хүн.
-Тантай анх яаж холбогдсон бэ?
-Тэр надад фэйсбүүкээр зурвас илгээсэн. Та яагаад Монгол орныг сонирхдог вэ гэж асуусан. Дараа нь бид Монголын соёлын талаар ярилцлаа. Тэгээд удалгүй намайг гэртээ үдийн хоол идэхийг урьж, миний хамгийн дуртай монгол хоол болох банштай шөл хийж өгсөн.
-Гэргийгээ танилцуулаач?
-Миний эхнэрийг М.Сарантунгалаг гэдэг. Бид хоёр 2014 онд Монголд хуримаа хийж амьдралынхаа маш гоё түүхийг бүтээсэн. Бидний хүүг Жиро Жамуха гэдэг, 7 настай. Бид Нидерланд улсын Breezand тосгонд амьдардаг. Бидний өглөө яг монголын хөдөө айл шиг эхэлдэг
-Та хоёрыг хамгийн сайн холбож нэгтгэж чадсан зүйл нь юу байсан бэ?
-Монголын урлаг, өв соёлтой салшгүй холбоотой. Гэхдээ мэдээж хувь хуний зан чанар, ижил төстэй хүсэл мөрөөдөл бидний амьдралыг улам бататгаж өгдөг. Бидний өглөө яг л монголын нэг айлын өглөө шиг эхэлдэг. Гэртээ галаа түлж, Саран зочдын өглөөний цайнд боорцог эсвэл гамбир хийнэ. Энэ бүхэн өөр хүмүүст хэдийгээр сонин содон санагдаж болох ч бидний өдөр тутмын энгийн ахуй байдал юм.
-Та энэ бүхэнд хэрхэн суралцсан бэ?
-Би олон орны соёлыг сонирхон судалдаг. Энэ бүхний дундаас Монгол үндэсний гэх онцлогтой бүх зуйл надад их таалагддаг. Жишээ нь монгол хэл, дуу хөгжим, үндэсний хувцас, ахуйн соёл гээд маш өвөрмөц. Монголын соёл маш өргөн цар хүрээтэй. Тэндээс суралцах зүйл маш их байдаг. Монгол хэл сурахад нэлээд хэцүү ч би сурсаар л байгаа. Хөөмий, хөгжим сурахад ч тийм ч амар биш. Гэхдээ өөрөө хичээж, шантрахгүй байвал болохгүй зүйл гэж үгүй билээ. Миний Алтай ятгын багш, угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэв надад өөрийнхөө судалгааны ажлын хэсэг болон Туульсын бүүвэйн дуунуудаас гэрийн даалгавар өгсөн. Эдгээр нь маш эртний бүүвэйн дуунууд бөгөөд энэ сэдвээр дээр маш өргөн судалгаа хийсэн нь их сонирхолтой санагдсан.
-Үнэхээр гайхалтай юмаа. Гэргий тань ч мөн ялгаагүй нөхрийнхөө ёс заншил, соёл бүхэнд хэрхэн суралцсан бэ?
-Саран Нидерландад 20 гаруй жил амьдарч байгаа. Аливаа улсын хэл соёлыг сурч эзэмших нь тухайн оронд амьдарч байгаа үед илүү амархан байдаг боловч тухайн хүний өөрийнх нь хүсэл сонирхлоос ихээхэн хамаардаг гэж би боддог. Тэр утгаараа эхнэр маань манай хэл, соёлыг маш сайн мэднэ. Саран энд олон жил амьдарч байгаа ч Монгол хэл, өв соёлоо хадгалж, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж суралцсаар л байгаа. Бид хүүгээ монгол хэл сургаж хоёр орныхоо хэлтэй болгохыг хүсдэг учраас “Унага” гэдэг монгол хэлний онлайн сургалтад суулгадаг. Амжилттай байгаа шүү. Тэр ганц, нэг монгол дууг эвлэгхэн дуулдаг.
-Та хоёрын зорилго бас мөрөөдөл юу вэ?
-Бид хоёрт нэг ижил зорилго, мөрөөдөл байдаг. Тэр нь мэдээж Монгол улс болон Монголын өв соёлыг дэлхийд таниулж, дэлхийн олон хүмүүс Монгол улсын талаар зөв сайхан мэдлэгтэй болоосой гэж хүсдэг. Тийм ч учраас би оффисоо монгол гэрээр сонгосон. Хамтран ажилладаг хүрээндээ гэр оффистой Рован гэдгээрээ танил болж чадсан. Бид хоёр цэцэрлэгтээ Алтай юрта гэдэг монгол зочны гэртэй. Тэр гэрт Саран олон улсын зочид хүлээж авч Монгол ундэсний соёлыг таниулдаг. Бас Монгол үндэсний хоолоор зочдоо дайлдаг. Бидний ирээдүйн зорилго бол том газар худалдаж авч, тэндээ Алтай юрта гэр кэмп болгон өргөтгөх зорилготой байгаа. Энэ мөрөөдөл 2023 онд биелэх болно.
-Алтай юртаа хэдийд нээсэн бэ?
-Бид зургаан жилийн өмнөөс ажиллуулж эхэлсэн. Саран өмнө нь олон жил зочид буудалд ажилласан туршлагатай болохоор түүртэх зүйл байгаагүй.
-Хаанахын зочид ихэвчлэн ирдэг вэ?
-Ихэнх нь Нидерланд, Герман, бас Америк, Англи, Франц, Египет, Испани гэх мэт маш олон орноос зочид ирдэг. Тэд ихэвчлэн Нидерландад амарч байх үедээ, манайхаар хоёр хоногоор зочилдог. Ихэнх хүмүүс монгол гэрийг үзээгүй учраас өвөрмөц мэдрэмж төрдөг. Зочид монгол хоолыг их сонирхоно. Энэ нь тэдний амралтыг төгс болгож, хүн бүр үүнийг гайхалтай гэж хэлдэг. үз
-Та хоёрын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Биднийг амьдралд их идэвхтэй гэр бүл гэж хэлж болно. Жишээ нь, ажлын өдрийн өглөө Саран зочдын өглөөний хоолонд цай чанаж, боорцог, гамбир хийнэ. Би хүүгээ сургуульд нь хүргэж өгнө. Дараа нь нохойгоо салхилуулна. Гахай, тахиа, цацагт хяруул, шувуунуудаа хооллоно. Тэгээд ажилдаа явна. Ажлынхаа зав чөлөөгөөр хөгжмөө давтаж, үдийн цайгаа гэр бүлтэйгээ хамт иднэ. Чөлөөт цагаараа хүүтэйгээ усан бассейнд сэлж, кино театр явах дуртай. Бид бас оройн хоолоо хамт хийх дуртай. Бууз, хуушуур, бас бүх үндэсний хоол хийх сониркхолтой. Хоолны дараа оффистоо очиж, хэсэг ажиллана. Бид гурав гэртээ хамт сууж, гал түлэх их дуртай. Тэр тусмаа өвлийн улиралд гэртээ галаа түлээд суух хамгийн сайхан.
-Та зочиддоо алтай ятгаа тоглож сонирхуулдаг уу?
-Тийм ээ, би заримдаа жижиг концерт тоглодог. Гэхдээ тийм ч олон биш. Хөгжмөө онлайнаар хуваалцах үнэхээр дуртай. Энэ нь ард түмэнд монголын соёл, дуу хөгжмийн талаар мэдлэг олгох маш сайн арга юм.
-Танай гэр бүл монголд ирдэг үү?
-Бид монголд хэд хэдэн удаа очсон. Мөн хадмуудаа Нидерландад урьж, амралтаа хамтдаа сайхан өнгөрүүлсэн.
Мэдээллийн эх сурвалж: Eguur.mn